2024 оны 11-р сарын 25, Даваа гариг

Эрчим хүчний аудитын байгууллага, аудиторуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа

Хэвлэх 2021 оны 06-р сарын 10, Нийт үзсэн : 1349

Эрчим хүчний аудитын байгууллага, аудиторуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа

     Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, бодлогыг хэрэгжүүлэх гол субъектүүдийн нэг болох Эрчим хүчний аудитын байгууллага, аудиторуудын 3 дах удаагийн зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос цахим хэлбэрээр 2021 оны 6-р сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

     Зөвлөгөөнийг Зохицуулагч Э.Түвшинчулуун нээж, хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгарч буй коронавируст цар тахлын энэ онцгой нөхцөл байдал нь дэлхий даяар ажил амьдралын шинэ хэв маяг, дадалд хөтөлж, мэдээллийн технологид суурилсан, зайнаас харилцах, цахим хэлбэрт шилжих явцыг хурдасгаж өгсөн эерэг нөлөөллийг үзүүлж байгааг онцлон дурдав.

     Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр 2020 онд Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд нь гарсан шийдвэрүүдийг цохон танилцуулав:

  •   “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг тоолууржуулах тухай" Засгийн газрын 2020 оны 144-р тогтоол;
  •   “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам” Эрчим хүчний  сайдын 159-р тушаал;
  •   “Барилгын дулаан хамгаалалт БНбД 25-01-20” Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 146-р тушаал.

 

      Засгийн газрын 2019 оны “Эрчим хүчний аудит хийх журам”-ын 5.2.8 дах заалтын дагуу жил бүрийн 2-р сарын 1-ний дотор Эрчим хүчний аудитын байгууллага, аудиторуудын үйл ажиллагааны тайланг хүлээн авч үнэлдэг. Зөвлөгөөний үеэр 14 магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллагын болон 13 бие даасан эрчим хүчний аудиторын 2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үнэлгээг танилцуулсан. Үйл ажиллагааны үнэлгээний 50-70%-ийг эрчим хүчний аудитын тайлангийн үнэлгээ бүрдүүлдэг. 

      Эрчим хүчний аудитын үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүргэхэд олон улсын стандартыг мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооны санаачилгаар 2017, 2019 онд үндэсний стандарт болж батлагдсан “Эрчим хүчний аудит MNS EN 16247-1-5” стандартыг үйл ажиллагаандаа мөрдөх, түүний практик хэрэглээний талаар Эрчим хүч хэмнэлтийн газраас мэдээлэл хийв. Цаашид энэхүү стандарттай заавал танилцах, аудитын үйл ажиллагаандаа мөрдөхийг эрчим хүчний аудитын байгууллагууд болон аудиторуудад чиглэл болгов. 

     Зөвлөгөөний төгсгөлд эрчим хүчний аудитын үйл ажиллагааг сайжруулахад талуудын үүрэг, оролцоо, хариуцлагын талаар санал солилцов. Цахим зөвлөгөөнд эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулах эрх бүхий аудиторууд болон магадлан итгэмжлэгдсэн 14 аудитын байгууллагад харьяалагдах захирал, инженер, эдийн засагч зэрэг нийт 70 орчим хүн оролцлоо.