2021 оны 09-р сарын 17, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙХ АУДИТОРУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Хэвлэх 2021 оны 09-р сарын 08, Нийт үзсэн : 394

ЭРЧИМ ХҮЧНИЙ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙХ АУДИТОРУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн тэргүүтэй   удирдлагууд  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  талууд бүх талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн стандартын тогтолцоог боловсронгуй болгоход холбогдох стандартыг нийцүүлэн адилтгах, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах, туршилтын лаборатори байгуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, харилцан туршлага солилцох, MNS ISO 50001 Эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх,  эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Мөн энэ үеэр ISO 19011 болон ISO/IEC 17021 стандартын дагуу удирдлагын тогтолцоонд хөндлөнгийн аудит хийх Аудитор, MNS ISO 50001 стандартын дагуу Эрчим хүчний менежерийн эрхийг авсан холбогдох мэргэжилтэнүүдэд “TUV AUSTRIA” групп компанийн гэрчилгээг гардуулах ёслол боллоо.

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу 2010 оноос эхлэн эрчим хүч, уул уурхайн салбарт хэрэгжсэн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” төслийн 3 дугаар үе шат болох “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төсөл нь 2013 оноос анх Эрчим хүчний яам, Стандарт, хэмжил зүйн газарт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2019 -2023 онд тус төслийн 3 дугаар шат үргэлжлэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Физик техникийн хүрээлэн (PTB) –ээс удирдан зохион байгуулсан бөгөөд төслийн хүрээнд ХБНГУ болон Европын холбоо, Олон улсын түвшин дэх Хууль эрхийн хэмжил зүйн тогтолцоо, Үндэсний итгэмжлэлийн байгууллагын бүтэц, тогтолцоо, Цахилгаан, ус, газын тоолуур болон массын хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулга, нэгж дамжуулалт, чанарын удирдлагын тогтолцоо, хэмжих хэрэгслийн загварын туршилт, техникийн зохицуулалтын талаар болон бусад олон төрлийн чадавх бэхжүүлэх сургалт, үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүний нэг нь үндэсний хэмжээнд удирдлагын тогтолцоонд аудит хийх эрх бүхий мэргэжилтнүүд (Аудитор) болон ISO 50001 стандартын эрчим хүчний Менежерүүдийг бий болгох сургалтыг 2019 оноос эхлэн зохион байгуулсан юм. Энэ сургалтад Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл нийт 10 хүн оролцсон бөгөөд, ISO 19011 болон ISO/IEC 17021 стандартын дагуу удирдлагын тогтолцоонд хөндлөнгийн аудит хийх Аудитор болон ISO 50001 стандартын дагуу Эрчим хүчний менежерийн эрхийг 5 жилийн хугацаатай Австрийн “TUV AUSTRIA” групп компанийн төлөөллийн олон улсын бүрэн эрхийн гэрчилгээг аваад байна.