2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

А.ТЛЕЙХАН: ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ӨМНӨӨС ЦАХИЛГААН, ДУЛААН, УУРЫН ТӨЛБӨРТ НИЙТДЭЭ 959.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛЖ БАЙНА

Хэвлэх 2021 оны 09-р сарын 09, Нийт үзсэн : 1251

А.ТЛЕЙХАН: ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ӨМНӨӨС ЦАХИЛГААН, ДУЛААН, УУРЫН ТӨЛБӨРТ  НИЙТДЭЭ 959.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛЖ БАЙНА

-Саяхан Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл ашиглалтад орлоо. Энэ станцыг өргөтгөснөөр цахилгаан эрчим хүчний ачаалал буурах уу?

- БНХАУ-ын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын турбогенератор ашиглалтад орлоо. Ингэснээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц маань 71 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болж жилд үйлдвэрлэх цахилгааны хэмжээ 2.5 дахин нэмэгдэж, 1кВт.ц цахилгааны өртөг 77 төгрөгөөр хямдарч, хөрөнгө оруулалтын зардлаа долоон жилд нөхөх боломжтой болж байна. 

-Засгийн газраас цахилгаан, дулаан, уур, хог, усны мөнгийг хөнгөлөх шийдвэр гаргасан. Үүнээс гадна өвлийн улиралд Улаанбаатар хот, аймгийн төвийн айл өрхүүдийн орой шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг мөн төрөөс даадаг. Өнөөдрийн байдлаар хичнээн төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд олгоод байна вэ?

- Өнөөдөр хэрэглэгчдэд үзүүлж байгаа хөнгөлөлт, төлбөрийн дэмжлэгийг тарифын болон Засгийн газрын гэж хоёр ангилж болно. Нийгмийн байдал хүнд, иргэдийн ахуй амьдрал сайнгүй байна. Ялангуяа зорилтот бүлэгтээ дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Тиймээс эмзэг бүлгийн айл өрхөд үзүүлдэг тариф, мөн 150 кВт.ц- т  үзүүлдэг тарифын хөнгөлөлт гэх мэтийн  хөнгөлөлтүүд бий.  Нөгөө талаас Засгийн газраас үзүүлдэг хөнгөлөлтүүд байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо нь Засгийн газраас гаргасан цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлттэй  холбоотой  гурван чухал тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоол байна. Энэ тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн хэрэглээний  цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт орсноор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх болсон. Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх энэ хөнгөлөлтөд хамрагдаж 18.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн.  Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөлт үзүүлдэг. Зөвхөн 2020 онд нийт 100 орчим сая төгрөгийн хөнгөлөлтийг өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд үзүүлсэн. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан. Энэ хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 747  мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 1 сая 116 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар саруудад айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын  466.1 тэрбум төгрөгийн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хариуцаж төлсөн. Улмаар цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын 2021 оны 207 дугаар тогтоол гарч энэ хөнгөлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.  Энэ оны сүүлийн хагас жилд нийтдээ 1 сая 116 мянган хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан, уурын төлбөрт 493.8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжүүлэх урьдчилсан тооцоо гараад байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар зарим аж ахуйн нэгж, иргэдийн өмнөөс цахилгаан, дулаан, уурын төлбөрт жилдээ нийтдээ 959.9 тэрбум төгрөгийг төлнө гэсэн үг.

-Энэ хөнгөлөлт иргэдэд хэрхэн яаж хүрч байгаа вэ? Зарим иргэд манай цахилгааны мөнгө төлөгдөхгүй байна гэх мэт гомдол гаргадаг?

-Хөнгөлөлт олгож эхэлснээс хойш үндсэндээ найман сарын хугацаа өнгөрч байна. Иргэд хэдий хэрийн хөнгөлөлт эдэлж байгаагаа өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Бидэнд ч энэ төрлийн судалгаанууд  бий. Сардаа 220 кВт.ц цахилгааны хэрэглээтэй, 50 м2 талбайтай орон сууцанд амьдардаг дөрвөн  ам бүлтэй айл өрх сар бүр цахилгаан эрчим хүч хэрэглэсний  төлбөр 36.200 төгрөг, дулааны төлбөр болох 41600, нийтдээ 77 800 төгрөгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж байгаа. Үүнийг найман сараар тооцоод үзэх юм бол 622 400 төгрөгийн хөнгөлөлтийг тэр айл авч байна гэсэн үг. Томоохон ажил олгогчид, хүүхдийн асрамжийн газрууд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт ч энэ хөнгөлөлт асар их дэмжлэг болж байгаа. Монголын нэр нүүрийг дэлхийд тахалдаг томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох “Говь” ХК гэхэд сард цахилгаан, дулааны төлбөрт төлдөг байсан 137 сая 870 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа. Энэ хөнгөлөлт ажилчдын цалин, хөлс, урамшуулал, бараа бүтээгдэхүүнээ татаж авахад дэмжлэг болон тухайн компанид үлдэж байгаа юм.

-Цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг Засгийн газар хариуцаж байгаа нь сайн талтай ч нөгөө талдаа үнийн хөнгөлөлттэй холбоотой их хэмжээний хэрэглээ үүсч, ачаалал нэмэгдэж байгаа гэдэг хэр бодит мэдээлэл вэ?

-Анх Засгийн газраас айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсны дараа хэрэглээ 18 орчим хувиар өсч, зарим газруудад цахилгааны хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авч байсан. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үйлдвэр компаниудтайгаа хамтраад цахилгаан, дулааны эрчим хүчээ хэмнэхийг уриалсан компанит ажил зохион байгуулсан. Хэрэглэгчид маань ч дэмжиж хүлээж авсан. Гэвч хэрэглээ өсч байна. Ганцхан жишээ дурьдахад өнгөрсөн оны есдүгээр сарын 5-ны өдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээ их ачааллын үед 743 МВт байсан бол энэ оны есдүгээр  сарын 5-ны өдөр 906 МВт болж, 163 МВт-аар өссөн байгаа. Салбарын хувьд өнгөрсөн онд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласан. Оргил ачааллын үед буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 1308 МВт хүрч байсан бол энэ жил 1450 МВт хүрч хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч байгаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний мэргэжлийн хүн учраас асуудалд бодитой хандаж, салбараа зөв удирдаж, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, аль болох өөрсдийн нөөц бололцоогоо ашиглах, суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж, богино хугацаанд  багагүй ажил хийж байна. Цар тахалтай хүнд үед Эрдэнэтийн ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-аар, Дарханы ДЦС-ыг 35МВт-аар тус тус өргөтгөж, суурилагдсан хүчин чадлаа богино хугацаанд 70 МВт-аар нэмэгдүүлж чадлаа. Одоо ОХУ-аас 100 МВт импортын цахилгаан нэмж авахаар Эрчим хүчний яамны ажлын хэсэг гэрээ хэлцэл хийж байна. Тиймээс хэрэглэгчид маань цахилгаан эрчим хүчээ зөв зохистой ашиглах, хэмнэлт бий болгоход анхаарах хэрэгтэй байгаа юм. Эрчим хүчний хэмнэлт бол нийгэмдээ оруулж байгаа таны хувь нэмэр, эх орондоо үзүүлж байгаа тусламж юм шүү гэж сануулж хэлмээр байна.

-Монголчууд бид эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хэрэглээний талаар яриад багагүй хугацаа өнгөрч байна. Бодит үр дүн хэр гарч байгаа вэ?

- Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд баталж гаргасан. Нийтдээ таван жилийн хугацаатай хэрэгжих энэ хөтөлбөрийн биелэлт  2020 оны гүйцэтгэлээр 85 хувьтай үнэлэгдэж тайланг Засгийн газарт хүргүүлээд байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаарх хэрэглэгчдэд зориулсан үндэсний мэдээллийн цахим системийг нэвтрүүллээ. Эрчим хүчний аудитор, сургагч багш нарыг бэлтгэх, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах боловсон хүчнийг сургах, чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулж 2020 оны байдлаар 241 хэмнэлтийн менежер, 74 аудитор бэлтгэж, нийт 380 мэргэжилтнийг сургаж бэлтгэн гэрчилгээ олгосон байна. Мөн Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоосон эрчим хүчний хэрэглээний босго давсан хэрэглээ бүхий 211 үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлж бүртгэн, тэдгээрт эрчим хүч хэмнэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч, удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна. Үүрэг хүлээсэн 34 байгууллага эрчим хүчийг хэмнэх чиглэлээр хийсэн ажлыг нэгтгэн дүгнэсэн. Үүрэг хүлээсэн хэрэглэгчид маань 2018 онд 51.7 сая кВт.ц буюу 8.5 тэрбум төгрөг, 2019 онд 67.7 сая кВт.ц буюу 11.2 тэрбум төгрөг, 2020 онд  98.1 сая кВт.ц буюу 16.2 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ бол чамлахааргүй амжилт. Эрчим хүчний хэмнэлтээс олох энэ үр өгөөж цаашдаа ч нэмэгдэх боломжтой байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал эрчим хүч хэрэглэгч хүн бүр эрчим хүч хэмнэгч байхыг биднээс шаардаж байна. Цаашид эрчим хүчний хэмнэлтээс орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хэмнэлтийг урамшуулах тогтолцоог бий болгох,  хэмнэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай байна.

-Эрчим хүчний салбар өнгөрсөн жил хүнд нөхцөлд ажилласан. Өнөөдөр салбарын санхүүгийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааны хэмжээг бууруулах, эрчим хүчний компаниудын зарим хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч эрчим хүчний салбарын хэмжээнд 2020 оны дүнгээр 92.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор нүүрсний уурхай, төмөр замын тээвэр болон эрчим хүчний 100 орчим үйлдвэр компаниудаас 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тарифыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа тавьж байна. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эх үүсвэрүүд болох ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, ДДЦС, ЭДЦС-уудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаагаас гадна шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэхээр байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрчим хүчний үнэ тарифыг нэмээгүй. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 орчим компани, нүүрсний уурхайнууд, төмөр замын тээврийн байгууллагаас өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэлийн ажлыг хийхэд шаардлагатай 159.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх санал ирүүлсэн. Коронавируст цар тахалтай хүндрэлтэй цаг үед шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газартай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Эрчим хүчний үнэ хэт бага байна гэсэн шүүмжлэлийг эрчим хүчний салбарынхан ярьдаг. Нөгөө талдаа хэрэглэгчид эрчим хүчний үнэ өндөр байна гэсэн гомдол гаргадаг. Монголд эрчим хүчний үнэ бодит өртгийг дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байдаг юм бэ?

- Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгааны үнэд ямар өртөг зардлууд багтаж байгаа вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Үүнд уурхайн хөрс хуулж нүүрс ухаж гаргах, ачих, дулааны станц хүртэл тээвэрлэх, нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаанаа алсад дамжуулах, хэрэглэгчдэд түгээх зардал, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 20 мянга гаруй ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, бүхий л татвар шимтгэл багтаж байдаг. Манай улсын 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2 ам.цент буюу 175 төгрөг  байгаа нь гадаадын хөгжилтэй орнуудтай харьцуулахад 3-5 дахин хямд байна. Мөн хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар хямд байгаа. Үндэсний статистикийн хорооноос авсан судалгаанаас үзэхэд айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг л эзэлдэг. Жишээлбэл,  сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй өрхийн цахилгааны төлбөр 36200 төгрөг байдаг. Гэтэл Юнивишны нэг  сарын төлбөр 35000-96000 төгрөг байгаа. Тухайн өрхийн нэг хүн өдөртөө 300 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг, харин гар утсандаа 900 төгрөг зарцуулдаг. Ер нь эрчим хүчний үнэ тарифын загварыг шинэчлэх цаг болсон. Бид эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид индексжүүлэлтийг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн хэрэглээтэй уялдуулан өсөж, буурдаг тарифын тогтолцоог бий болгохоор сүүлийн хоёр  жил Дэлхийн банктай хамтран ажиллаж, судалгаа хийж, тарифын шинэ загвар гаргаад байгаа.

-Эрчим хүчний салбар бол халамжийн байгууллага биш. Засгийн газар олон төрлийн хөнгөлөлт үзүүлж, салбарт ачаа нэмэх хэрэг байна уу?Та УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож ажиллаж байсан туршлагатай улс төрчийн хувьд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Эрчим хүчний салбар бол яалт ч үгүй хөгжлийн гол хөдөлгөгч хүч, тулгуур  салбар болохоос биш халамжийн байгууллага биш гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал хүнд байна. Цар тахлаас болж иргэд орлогогүй, ажил хийх боломж муу байна. Энэ хүнд нөхцөлд Монгол Улсын Засгийн газар иргэдээ дэмжсэн маш зөв бодлого барьж ажиллаж байгаа. Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-гөө танилцуулсан.  Өнөөдрийн байдлаар нийт иргэдийнхээ 70 орчим  хувийг вакцинд хамруулаад байна. Монгол Улс вакцин үйлдвэрлэгч улс биш ч гэлээ ард түмнээ вакцинаас хоцроосонгүй. Монголчууд вакцинжуулалтаараа бүс нутагтаа тэргүүлж байгаа. Эдийн засгаа хөгжүүлэх цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувь хүртлээ агшсан байсан эдийн засаг сэргэж эхэллээ. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүн 6.3 хувиар өсч, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна. Гадаад харилцаа, уул уурхай сэргэж байна. Тавантолгойн цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт томоохон эх үүсвэрүүд баригдах ажил эхэлж, гацаанаас гарч байна. Миний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хамгийн хүнд нөхцөлд хамгийн эрч хүчтэй ажиллаж, бас их зүйл санаачлан хийж байгаа гэж дүгнэдэг. Өнгөрсөн жил Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого”-оо баталсан. Урт хугацааны хөгжлийн бодлогын үр дүнд эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүртээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засгаа бүрдүүлж чадсан улс орон болно. Ингэснээр 2050 он гэхэд ДНБ 6.1 дахин, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин нэмэгдэж 15000 ам.долларт хүрнэ гэж тодорхойлсон байгаа. Том зорилго том үйлсийг дагуулж байдаг. Тиймээс сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж:Өдрийн сонин