2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Н.Тавинбэх: Тавантолгой ДЦС-ыг 808 сая ам.доллараар барина

Хэвлэх 2021 оны 10-р сарын 20, Нийт үзсэн : 753

Н.Тавинбэх: Тавантолгой ДЦС-ыг 808 сая ам.доллараар барина

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.Тэрээр Тавантолгой ДЦС-ын тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсаныг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ба тендерийг энэ долоо хоногт зарлана гэж мэдээллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газраас улсын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор шинээр 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Үүнээс төр өөрөө барих 450 мегаватт хүчин чадалтай Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг энэ долоо хоногтоо зарлана.

Энэ станц говийн бүсийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна томоохон төсөл, үйлдвэрийн хэрэглээг хангаж шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нөөцөд нийлүүлэх боломжтой.

Томоохон төсөл дунд Оюутолгой багтаж буй. Оюутолгой нь Хятадаас 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг авч байна. Үүнийг орлох боломжтой.

Тавантолгой ДЦС-ын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан ба 808 сая ам.доллар шаардлагатай. Энэ эх үүсвэрийн 30 хувийг Засгийн газар гаргаж 70 хувийг зээлийн хөрөнгөөр хангана" гэв.

Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна.

Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна.

Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ.

ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.