2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр УИХ-аас Эрчим хүчний тухай хуулийг баталж, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах, тусгай зөвшөөрлийн болон үнэ тарифын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилго бүхий биеэ даасан, улс төрөөс хараат бус Эрчим хүчний зохицуулах газрыг байгуулах болон түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн юм. Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2001 онд шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай ажиллагаа, санхүү эдийн засгийн бие даасан байдлыг хангах, зах зээлийн жишигт нийцсэн үнэ тарифын болон бизнесийн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдөр 20 жилийнхээ ойтой золгож байна. Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн ойд зориулсан цахим хурал боллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Дашням, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний Сайдын зөвлөх П.Товуудорж болон Эрчим хүчний зохицуулах хорооны үе үеийн удирдлага, зохицуулагч нар болон гадаадын хамтран ажилладаг байгуууллагуудбн төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ. Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдсаны 20 жилийн ойд зориуланМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт ирүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Дашням уншиж танилцуулсан юм. Энэхүү илгээлтийг бүрэн эрхээр нь уншина уу.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ
Эрчим хүчний зохицуулах хороо
байгуулагдсаны 20 жилийн ойд
Монгол Улсад эрчим хүчний зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн мэндийг тус салбарын үе үеийн ажилтнууд Та бүхэндээ хүргэж, баяр хүргэе.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Эрчим хүчний зохицуулах хороо нь жилээс жилд нэмэгдсээр буй эрчим хүчний хэрэглээг хангах, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг амжилттай хэрэгжүүлсээр ирснийг онцлон тэмдэглэж байна.
Хүн төрөлхтөн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тулж үзээгүй Цар тахлын нэн хүнд сорилттой нүүр тулгарч, улс орон, ард түмэн бүр хямралын давалгаанд өртөж, тодорхойгүй ирээдүй, таамаглашгүй сорилтуудтай учирлаа.
Цар тахал бүх салбарт хүндрэл учруулж, эрчим хүчний оргил ачааллыг эрс нэмэгдүүлсээр байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангахын тулд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шинэчлэлийг эхлүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлохдоо хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгээр эрчим хүчний салбарыг онцлон цаашид хараат бус эрчим хүчний хангамж бий болгох цогц арга хэмжээг эхлүүлээд байна.
Эрчим хүчний тусгаар тогтнолыг хангахгүйгээр үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулж, хөгжил дэвшлийг бодитоор цогцлоох боломжгүй. Тиймээс Монгол Улсын 2022 оны төсөвт эрчим хүчний салбарыг дэмжих бүтээн байгуулалтуудыг онцгойлон тусгасан юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхэн хөгжил дэвшлийн дуудлага, цаг үеийн шаардлагаар бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж, эрчим хүчний салбарыг шинэчлэн хөгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд уриалж байна.
Та бүхэн хөдөлмөр бүтээлийн их дуудлагаар жигүүрлэж, хөгжил дэвшлийн дардан зам руу хөтлөн тэмүүлэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ