2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

Хэвлэх 2021 оны 11-р сарын 25, Нийт үзсэн : 1120

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2001 онд шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай ажиллагаа, санхүү эдийн засгийн бие даасан байдлыг хангах, зах зээлийн жишигт нийцсэн үнэ тарифын болон бизнесийн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдөр 20 жилийнхээ ойтой золгож байна. Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн ойд зориулсан цахим хурал боллоо. Энэ хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мэндчилгээг бүрэн эрхээр нь хүргэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон Эрчим хүчний салбарт зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан Эрчим хүчний зохицуулах байгууллагыг байгуулах, үйл ажиллагаагаа амжилттай явуулахад гар бие оролцсон ахмад ажилтнууд, мэргэжилтнүүд, үе үеийн удирдлагууд, зохицуулагчид болон хэрэглэгчдээ эрчим хүчээр найдвартай хангахын төлөө хамтран ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид Та бүхэндээ Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье.

Эрчим хүчний салбарт 2001 онд хэрэгжүүлсэн төрийн бодлогын шинэчлэл өөрчлөлтийн үр дүнд бие даасан зохицуулах байгууллага бүрэлдэн бий болж, үйл ажиллагаагаа 20 дахь жилдээ тогтвортой явуулж байна. Энэ хугацаанд Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулиар хүлээсэн үндсэн  чиг үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж, эрчим хүчний салбарт хөгжил дэвшил авчирсныг онцлон тэмдэглэж байна. Эх үүсвэрүүдийн өргөтгөл, техникийн  шинэчлэлтийн бодлогыг дэмжин ажиллаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласны үр дүнд  Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдэж, дулааны цахилгаан станцуудын түлшний хувийн зарцуулалт цахилгаанд 93 гр/кВтц-аар, дулаанд 7.2 кг/Гкал-иар, эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах цахилгааны хувь хэмжээ 7.84 нэгжээр, дамжуулалт түгээлтийн алдагдал 23-16.6 хувь хүртэл буурч, нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын тоо жилээс жилд буурч, эрчим хүчний найдвартай байдал дээшиллээ. Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн болон үнэ тарифын зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэн ажилласнаар  эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн байдал тогтворжиж борлуулалтын орлогын хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрлээ. Сэргээгдэх эрчим хүчийг зүй зохистой түвшинд хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж, салбартаа манлайлагч байгууллага байх Хөгжлийн стратеги хөгжлийн төлөвлөгөө боловсруулан богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Цаашид зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээл дээр суурилсан, үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ухаалаг технологи бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахын зэрэгцээ ногоон эрчим хүчний нөөцийг ашиглан цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох томоохон зорилт та бидний өмнө тулгараад байна. Энэ зорилтыг биелүүлэхэд олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэн, үнэ тарифын шинэ загварыг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, инновац, шинэ техник технологи нутагшуулах шаардлага тулгарч байна. Энэ ажилд Эрчим хүчний зохицуулах хорооны хамт олны үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг Та бүхэндээ уламжилья.

 

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар  мөнхөд өөдлөн бадрах болтугай.

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ