2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Р.ГАНЖУУР: ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН 162 ОРОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Хэвлэх 2021 оны 11-р сарын 29, Нийт үзсэн : 1006

Р.ГАНЖУУР: ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН 162 ОРОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Энэ онд  Монгол Улсад эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдсны 20 жилийн ой тохиож байна. Энэ ойд зориулсан цахим хурал дээр Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга Р.Ганжуурын хэлсэн үгийг бүрэн эрхээр нь оруулав.

Монгол улсад эрчим хүчний зохицуулалтын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн баярын халуун дотно, чин сэтгэлийн мэндчилгээг ЭХЗХ-ны үе үеийн хамт олон, зохицуулагчид, удирдлагауудад болон энэхүү баярын хуралд оролцож байгаа бүх хүмүүст хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрчим хүчний зохицуулалт гэдэг хэвтээ удирдлагын тогтолцоо 21-р зууны эхээр шинээр мэндэлж дэлхий даяар давалгаалан бий болоод 20 жил болж байна. 2000 оноос өмнө 3хан улс эрчим хүчний зохицуулах байгууллагатай байжээ. Энэ бол 1977 онд байгуулагдсан АНУ-ын Холбооны Эрчим Хүчний Зохицуулах Хороо (FERC), 1987 онд байгуулагдсан Английн Хий ба цахилгааны зах зээлийн газар (OFGEM), 1994 онд байгуулагдсан Унгарын Эрчим хүчний зохицуулах хороо (HEA) гэсэн 3 байгууллага юм. Тэгвэл өнөөдөр дэлхийн 162 оронд эрчим хүчний зохицуулах байгууллага бий болсон байна. Хамгийн отгон нь 2017 онд Өмнөд Солонгос улсад байгуулагджээ. Эрчим хүчний зохицуулалтын чиглэлээр Олон улсын 13 байгууллага бий болж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн эрчим хүчний зохицуулагчдын 7 удаагийн Форум болж 8 дахь нь 2022 онд Перу улсад болох гэж байна. Энэ бүгдээс дүгнэхэд бид дэлхийн эрчим хүчний хөгжилтэй хөл нийлүүлэн алхсан 20 жилийн ойгоо тэмдэглэж байна гэсэн үг юм. Энэ сайхан үйл явдлын баярын хуралд Зохицуулах байгууллагыг 9 жил удирдсан хүний хувьд үг хэлэх боломж олгосонд туйлын баяртай байна. Миний дарга байх үед  болж байсан онцлог 6 үйл явдлын талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя.

1) Бид анхны үнэ тарифын зохицуулалтыг 2002 оны зун хийсэн юм. Тэр үед эрчим хүчний компаниуд үнэ нэмэхийг тэсч ядан хүлээж байлаа, энгийн ард иргэд харин энэ талаар огт мэдээгүй, төсөөлөө ч үгүй байв. Тухайн үед 3 зохицуулагч Мөнхөө, Дамдинсүрэн бид нар эрчим хүчний үнэ нэмэх тухай Зохицуулагчдын зөвлөлийн шийдвэрийг жинхэнэ бие даасан, хараат бус байдлаар гаргасан юм. Төвийн бүсийн нэгж цахилгааны үнийг 4 төгрөгөөр нэмэх, Баруун, зүүн бүсийн цахилгааны үнийг 30 төгрөгөөр нэмэн 120 төгрөг болгох, Улаанбаатар хотын орон сууцны гал тогооны өрөөний дулааны үнийг авдаггүй байсныг авдаг болгох шийдвэр гаргав. Шийдвэрийг ард, иргэд эсэргүүцэн төр засаг цочирдон хүлээн авав. Баруун, зүүн бүсийн аймгуудад ард, иргэд жагсаал цуглаан хийхээ мэдэгдээд байв. Бид Дорнод аймагт онгоцоор яаралтай очиж ард, иргэдтэй нүүр тулан уулзаж арайхийж учир байдлыг ойлгуулж байв. Баян-Өлгий рүү нисэхээр бэлдэж байлаа. Яг энэ үед үнэ нэмсэн асуудлыг УИХ-ын чуулганаар тусгайлан авч хэлэлцэж Ажлын хэсэг байгуулан биднийг шалгах шийдвэр гаргав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн сангийн сайд асан Базархүү ахлан, эрхэм гишүүн Түмэндэмбэрэл, Балсандорж, Даваацэдэв нар ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Шалгалтанд бүдэрвэл ЭХЗГ унах эрсдэлтэй байв. Харин тэр Ажлын хэсэг биднийг шалгаад үнэ тариф зайлшгүй нэмэх бодит шаардлага, шалтгаан байгааг ойлгож хүлээн авсан юм. Баруун, зүүн бүсийн хэрэглэгчдийн үнийг нэмэхгүй байж оронд нь улсын төсвөөс татаас өгөх шийдвэрийг гаргуулж байв. Бид цахилгааны үнийг 4 төгрөгөөр нэмснийг багасгаж 2 төгрөг болгов. Орон сууцны гал тогооноос авах дулааны үнийг хэвээр үлдээв. Анхны цахилгаан, дулааны үнийн нэмэгдүүлэлт нь ЭХЗГ-ыг хараат бус байх ёстойг УИХ-ын гишүүд болон олон нийтэд таниулсан, бас бидний хувьд том сургамж өгсөн явдал болж түүхэнд үлдсэн юм.

2)Нэг Худалдан Авагчтай Загварыг (цаашид НХАЗ гэх) 2002 онд  боловсруулж хэрэгжүүлсэн явдал бол ЭХЗХ-ны түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал гэж би хувьдаа үздэг. НХАЗ-ыг хэрэгжүүлснээр 74 хувьтай байсан борлуулалтын орлогыг 98-100 хувьд хүргэсэн билээ. Хоёрдугаарт орлогын хуваарилалтыг дарга хийдэг байсныг болиулж энгийн үгээр хэлвэл автоматаар хийдэг болгосон юм. Төвлөрсөн төлөвлөгөөт босоо тогтолцооны үед борлуулалтын орлогын мөнгөний  хуваарилалтын эрх мэдэл Эрчим хүчний удирдах газарт байсан бол удирдлагын шинэ хэвтээ тогтолцоонд тэр эрх мэдэл цахилгаан түгээх сүлжээнүүдийн захирлын мэдэлд шилжсэн байв. “Цахилгаан станцын захирлууд түгээх сүлжээний захирлууд дээр хадаг барин очиж байна, тэдний үүдэнд очерлож байна” гэх мэт гомдлууд гараад эхлэв. Иймд энэ асуудлыг яаж зохицуулах вэ, мөнгөний хуваарилалтыг ямар нэг даргын оролцоогүйгээр шууд банкаар дамжуулан хийж болохгүй юу гэсэн асуултыг үнэ тариф хариуцсан зохицуулагч Мөнхөөд би тавьсан юм. Тэрээр энэ асуудлыг  үнэ тарифын ажилтнуудын хамт  мэргэжлийн үүднээс судалж, тооцож үзээд  борлуулалтын орлогыг заавал цахилгаан түгээх сүлжээний захирлаар дамжуулаад байх шаардлагагүй, тэг үлдэгдэлтэй дансны аргыг хэрэглэн  арилжааны банкаар дамжуулан зохицуулъя гэсэн санал гаргасан юм. Ингээд хүнээр дамжуулдаггүй, хүний хүчин зүйлээс хамаардаггүй банкнаар дамжуулан тусгай томъёоны дагуу хуваарилалт хийдэг НХАЗ-ыг Зохицуулагчдын Зөвлөлийн хурлаар баталж улмаар цахилгаан үйлдвэрлэгч, түгээгч компаниудыг 2002 оны есдүгээр сарын 1-нээс Нэг худалдан авагчтай зах зээлд шилжүүлсэн юм. Нэг жилийн дараа гэхэд борлуулалтын орлого цуглуулалт 90-97 хувьд хүрсэн. Зарим жилд борлуулалтын орлого цуглуулалтыг 100 хувьд хүргэж байсан. Энэ бол Эрчим хүчний зохицуулах байгууллагын том гавъяа. Механизмыг зөв хийж чадвал асуудлыг шийдэж болдгийн тод жишээ. НХАЗ-ыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж өгсөн зохицуулагч Мөнхөө, ажилтан Мөнхзул нартаа одоо хүртэл баярлаж явдаг.

3) Бидний хувьд байрны асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байв. Эхний жил ЭХУГ-ын 4-р давхарыг түрээслэн амьдарч байв. Гэтэл удалгүй биднийг нүүлгэх шийдвэр гарч олны ярьдгаар Гурвалжингийн гүүрны доор хуучин Оросын геологчид байрлаж байсан байшинд шилжин очсон юм. Хүн ажиллах орчин муутай, автобусны буудал байхгүй, төмөр замын хажууд дуу чимээтэй, орой үдэш хүртэл сууж ажилладаг хүмүүст гэртээ харихад тодорхой бэрхшээл үүсч байв.  Байрны асуудлыг шийдэх даалгаврыг Дамдинсүрэн зохицуулагчид өгөв. Мөнхөө зохицуулагч НХАЗ-ын асуудлыг шийдсэн, чи байрны талаар хөөцөлд гэв. Ашгүй манай хүн хотын төвд байрлалтай 2 давхар хуучин байр байна, үүнийг Төрийн өмчийн хорооноос авах боломжтой юм байна гэв. ТӨХ-ноос эхлээд өгнө гэж байснаа сүүлдээ болиод манайхыг одоогийн Ялалтын талбайн зүүн талд байдаг өндөр байшингийн 7 давхарт оруулах тухай албан тоот ирэв.  Тэр 7 давхарт очиж үзсэн л дээ. Гэхдээ тэнд орно гэхээр нэг л сэтгэлд бууж өгөөгүй бөгөөд дахиад түрээсийн байранд орохгүй гэж шийдээд сангийн сайд Улаанхүү, ТӨХ-ны дарга Пүрэвдорж нартай нүүр тулан уулзаж сайн ярьсны хүчинд одоо энд байсан 2 давхар хуучин шар байшинг ЭХЗГ-ын мэдэлд авсан юм. Тэгээд USAID-дэд хүсэлт явуулсан бөгөөд тэд 80000 долларыг гарган барилгын компаниар засуулж бидэнд хүлээлгэн өгөв. Байрны нээлтийн ёслол дээр АНУ-ын элчин сайд Жон Дингэр, дэд бүтцийн сайд Жигжид нар ирж тууз хайчлан бид шинэчлэн зассан байрандаа орж байлаа. Одоо тэр байр байхгүй болж оронд нь баярын хурал болж байгаа энэ сайхан эко ордон баригджээ.

4) USAID буюу АНУ-ын  Олон Улсын Хөгжлийн Агентлагтай 2 удаа 2001, 2004 онд Харилцан ойлголцох хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан явдал Зохицуулах газрын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. ЭХЗГ-ын эхний 3 жилд АНУ-ын зохицуулалтын  зөвлөхүүд манай газар дээр ажиллаж бидэнд  заавар, зөвлөлгөө өгч байв. USAID-ын санхүүжилтээр бүх мэргэжилтнүүдээ олон улсын эрчим хүчний зохицуулалтын сургалт, семинарт ээлж дараалан 2-оос доошгүй удаа явуулсан байдаг. Дэлхийн эрчим хүчний сургалтын 3 том төвд 3 зохицуулагч, 3 албаны даргыг бүгдийг нь явуулж сургасан. Вашигтонд байдаг IP3-ын курс, Флоридагийн Их сургуулийн дэргэдэх Зохицуулалтын судалгааны төв (Public Utility Research Center), Будапештэд байдаг ERRA-гийн сургалтанд дээрх 6 нөхдөөс гадна англи хэлтэй мэргэжилтнүүд бүгд явж суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлж байв. Олон улсын сургалтууд нь зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй янз бүрийн орнуудын мэргэжилтнүүдтэй нүүр тулан танилцаж эрчим хүчний зохицуулалтын талаарх тэдний туршлагаас суралцах өргөн боломжийг олгож байсан юм.

5) ERRA (Energy Regulators Regional Association)-гийн гишүүн болсон явдал олон улсын тавцанд өөрсдийгөө танилцуулах, харилцан туршлага солилцох, мэргэжилтнүүдээ зохицуулалтанд сургахад чухал арга хэмжээ болсон. Жил бүр болдог ERRA-гийн Ерөнхий ассемблейд зохицуулагчид ээлж дараалан оролцдог байв. 2 жилд нэг удаа болдог Тусгай зөвшөөрлийн байнгын хороо, Үнэ тарифын байнгын хороо, Эрх зүй хүний нөөцийн байнгын хорооны хурал, семинарт албадын дарга нар М.Мөнхтулга, М.Ганчимэг, Р.Ган-Эрдэнэ нар байнг оролцдог байв. Манай гурав гурвуулаа англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг байсан болохоор тэдгээр хурлын хамгийн идэвхтэй оролцогчид байсан юм. ERRA-гийн хуралд оролцсон хүмүүс эргэж ирээд хамт олондоо эрчим хүчний зохицуулалтын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж өөрсдийгөө цэнэглэсэн шигээ биднийг цэнэглэдэг байсан юм. Цэнэглэгдсэн хүмүүс илүү эрч хүчтэй ажилладаг байлаа.

6) ЭХЗГ-ын чадварлаг, бүтээлч хамт олны хүчин чармайлтаар зохицуулах байгууллага маань бэхжин нэр хүнд нь олон улсын тавцанд гарч эхэлсэн юм. Афганистанд эрчим хүчний зохицуулах байгууллага байгуулахад тусалж байсан АНУ-ын Эрчим Хүчний Ассоциац биднийг урьж афгануудад туршлагаа танилцуулахыг хүссэн юм. Урилгын дагуу  Дамдинсүрэн зохицуулагч Афганистанд очиж Монголын эрчим хүчний зохицуулалтын талаар презентайшн тавьж байв. USAID-ын төслийн удирдагч Бертоли Монголын зохицуулалтын туршлагаар Азийн орнуудад семинар зохион байгуулахаар бэлдэж байв. Харамсалтай нь тэр хүний ажиллах хугацаа дууссанаар энэ асуудал зогссон. 2007 онд бид Төв Азийн орнуудын Эрчим хүчний зохицуулах байгуулагуудын 3-р Форумыг Улаанбаатарт зохион байгуулж байв. Ер нь орон бүр ээлжлэн энэ Форумыг зохион байгуулж байлаа. Азербайжанд  болсон Форум дээр оролцогчдоос аль Форум танд хамгийн их таалагдсан бэ гэсэн асуултад Монголд болсон Форум гэж хариулж байсан тухай тэнд оролцсон Ганчимэг бидэнд ярихад их сайхан санагдаж байж билээ. Дашрамд хэлэхэд ийм арга хэмжээг дахин зохион байгуулах боломж гарч магадгүй юм шиг байна. Саяхан болсон “Эрчим хүчний зохицуулалт-20 жил” сэдэвт ОПБХуралд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ ERRA–дарга  хатагтай Майя Меликидзе 2022 оныг Ази тивийн он болгоно, Монголын ЭХЗХ ирэх онд бидэндтэй идэвхтэй хамтран ажиллахыг урьж байна гэж хэлнэ лээ. Энэ боломжийг ашиглаад Ази тивийн орнуудад ЭХЗХорооны нэр хүндийг гаргах боломжтой юм байна гэж бодогдсон.

Ингээд албан ёсоор ярих зүйлээ төгсгөё, яривал зөндөө л юм байна.  

Монголын эрчим хүчний зохицуулах байгууллагын анхны даргын хувьд надад хүндэтгэл үзүүлж үг хэлэх боломж олгосон А.Тлейхан даргадаа маш их баярлалаа. 20 жилийн ойд зориулан амьхандаа бэлэг болгож миний бие 20 удаа эрчим хүчний талаар мэдээлэл бичиж нийгмийн сүлжээнд тавьсан. Эдгээр 20 мэдээллээр эрчим хүчний зохицуулалт дэлхийн хэмжээний үйл явдал болон хөгжиж байгаа тухай, эрчим хүчний үнэ чөлөөт биш зохицуулалттай байх ёстой тухай, эрчим хүчний зохицуулагчид хараат бус байх тухай, улс орнуудын цахилгааны үнийн тухай болон эхний 9 жилийн үйл ажиллагааны зарим мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Эрчим хүчний зохицуулалтыг бага ч гэсэн хүмүүст ойлгуулахыг хичээсэн. Эдгээр 20 мэдээллийг боловсруулахад багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан байгаа. Тэгээд нийгмийн сүлжээнд тавьсан 20 мэдээллийг нэгтгээд эмхэтгэл болгон ЭХЗХороондоо өөрийн өчүүхэн бэлэг болгон барьж байна.