Эрхэм зочдоо, Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон Эрчим хүчний салбарт зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 20 жилийн ойг тохилдуулан Эрчим хүчний зохицуулах байгууллагыг анх байгуулахад гар бие оролцсон ахмад ажилтнууд, мэргэжилтнүүд, үе үеийн удирдлагууд, зохицуулагчид, хэрэглэгчдээ эрчим хүчээр найдвартай хангахын төлөө хамтран ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бидний үйл ажиллагааг дэмжиж, тусалж байдаг гадаадын хөрөнгө оруулагчид, түнш байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2001 онд шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай ажиллагаа, санхүү эдийн засгийн бие даасан байдлыг хангах, зах зээлийн жишигт нийцсэн үнэ тарифын болон бизнесийн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, амжилт бүтээл, алдаа оноо, сорилт, шийдлээр дүүрэн 20 жилийн түүхийг бүтээжээ. Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн түүх бол Монгол Улсын эрчим хүчний салбарын 20 жилийн түүхтэй салшгүй холбоотой юм. Зохицуулах хорооноос гаргаж байгаа тогтоол, шийдвэр, дүрэм журам болгон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, хамгаалах, дэмжихэд чиглэж байсан гэдгийг өнөөдөр дурьдахад таатай байна.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр 5-ны өдөр Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар Диспетчерийн зохицуулалт хийх анхны тусгай зөвшөөрлийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д олгох шийдвэр гаргаж байсан бол өнөөдөр 183 хуулийн этгээдийн 10 төрлийн 365 тусгай зөвшөөрлийн зохицуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байна. 2001 онд Төрийн болон орон нутгийн өмчит 23 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авч байсан бол өнөөдөр хувийн өмчит хуулийн этгээд 139, төрийн болон орон нутгийн өмчит 44 хуулийн этгээд тусгай зөвшөөрөлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоо 2001 оноос 8 дахин нэмэгджээ.
Станцуудын өргөтгөл, техникийн шинэчлэлтийн бодлогыг дэмжин ажиллаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласны үр дүнд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2001 онд 822.7 МВт байсан бол өнөөдөр 1523.3 МВт болж 411.8 МВт-аар нэмэгдсэн байна. Дулааны цахилгаан станцуудын түлшний хувийн зарцуулалт цахилгаанд 93 гр/кВтц-аар, дулаанд 7.2 кг/Гкал-иар, эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах цахилгааны хувь хэмжээ 7.84 нэгжээр, дамжуулалт түгээлтийн алдагдал 23-16.6 хувь хүртэл буурчээ. Олон Улсад хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тасалдлыг тооцдог Исайди, Исайфи, Икайди индексүүдийг 2005 оноос нэвтрүүлэн тооцож эхэлсэн бөгөөд нэг хэрэглэгчид ногдох тасалдлын үргэлжлэх хугацаа 10 жилийн хугацаанд 6 дахин, нэг хэрэглэгчид ногдох тасалдлын давтамж 1.8 дахин , тасалдлын дундаж хугацааны индекс 3.6 дахин тус тус буурч эрчим хүчний найдвартай байдал дээшилсэн үзүүлэлттэй байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2016-2021 онд давхардсан тоогоор 101 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулсан 50 удаагийн хяналт шалгалт хийж, 260 зөрчил илрүүлэн 247 үүрэг даалгавар, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 23 албан шаардлагаар 121 үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулж ажилласан байна. Зохицуулалтын бодлого, чиглэлийг нарийвчлан тодорхойлох замаар оновчтой тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн баримт бичгийг 2014 онд анхлан боловсруулж, 2015 оноос E-License цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудын зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, сонирхлыг бий болгох зорилгоор “Урамшуулалт зохицуулалт”-ыг санаачлан хэрэгжүүлсний үр дүнд импортын цахилгааны хэмжээ буурч, дотоодын үйлдвэрлэлийг 109 сая кВт.ц-аар нэмэгдүүлж, зөвхөн 2019 онд гэхэд л 11 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож, 3.7 тэрбум төгрөгийн урамшууллыг гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгосон байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 9-11 дүгээр сард дулааны цахилгаан станцуудын энергийн тарифыг 110 хувиар нэмэгдүүлсний үр дүнд дулааны цахилгаан станцууд төлөвлөснөөс илүү 100.4 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг 5.1 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэж, ОХУ-аас 26.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах байсан цахилгааны эрчим хүчний төлбөрийг 21.4 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Эрчим хүчний зохицуулах газраас 2002 оны аравдугаар сард Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний зах зээлийг нэг худалдан авагчтай зах зээлд шилжүүлэн ажиллуулж эрчим хүчний салбарт үүсээд байсан өр авлагыг барагдуулах, санхүү-эдийн засгийн нөхцөлийг сайжруулах ажлыг жил бүр шат дараатайгаар хэрэгжүүлж, 19 төрлийн үнэ тариф бодох аргачлалыг боловсруулан, үнэ тарифын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, чадлын болон энергийн тарифын тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн тарифын зохицуулалтыг 9 удаа хийсэн байна. Өнөөдөр цахилгаан, дулааны эрчим хүчний 10 ангилал бүхий тарифын загварыг боловсруулан баталж мөрдөж байна. Үүний үр дүнд эрчим хүчний салбарын борлуулалтын орлогын хэмжээ 1.4 их наяд төгрөг болж 15.7 дахин нэмэгджээ. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардал 2001 онд 97.4 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 1.2 их наяд төгрөг болж 12.8 дахин нэмэгдсэн байна.
Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор 2011 онд нийт 32.7 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авч байсан бол өнөөгийн байдлаар төвийн бүсийн хэмжээнд татаасгүй болж бусад бүсэд 16.6 тэрбум төгрөг болж 2 дахин буурчээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам, “Эрдэнэс Монгол” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудын төлөөллийг оролцуулсан “Нүүрсний уурхайн урт хугацаат өр төлбөр, эрчим хүчний нүүрсний үнийн зохицуулалтын талаар санал боловсруулах” ажлын хэсгийг байгуулан ажилласан. Үүний үр дүнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн урт хугацаат 100.6 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн "“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 132 дугаар тогтоол гарснаар нүүрсний уурхайнуудын хуримтлагдсан өр төлбөрийг бууруулж чадлаа.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны орой, шөнийн хэрэглээний тарифыг хөнгөлөх журам боловсруулан мөрдөж 2017-2021 онд тарифын хөнгөлөлтөөс үүсэх 62.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор хэрэглэгчдийн эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж ажилласан төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 701.2 мянган хэрэглэгч, дулааны 339.5 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,040.7 мянган хэрэглэгч хамрагдаж, нийт 902 тэрбум төгрөгийг төрөөс хариуцсан байна.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний бүхий л түвшинд үр ашгийг дээшлүүлэх, эрх зүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, норм, стандартуудыг боловсруулж батлуулах, төрийн байгууллагууд хоорондын зохицуулалт, мэдээллийн урсгалыг сайжруулах, бодлого, үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүжилт, хөрөнгө оруулалт, урамшууллын механизмыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 20 удаагийн сургалт зохион байгуулж, хэмнэлтийн241 менежер, 74 аудитор бэлтгэж, 380 мэргэжилтнийг сургаж бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн 160 гаруй мянган сурагчдад Эрчим хүч хэмнэлтийн хичээлийг зааж сургасан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд үүрэг хүлээсэн 197 хэрэглэгч 35.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 217.5 сая кВт.ц эрчим хүч хэмнэжээ. Мөн Европын холбооны эрчим хүчний аудитын үйлчилгээтэй холбоотой EN 16247 багц стандартыг орчуулан үндэсний стандарт болгон батлуулж аудитын үйл ажиллагаанд ашиглаж байна.
Эрчим хүчний зохицуулах хороо нь “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах” үүргийнхээ дагуу өнгөрсөн 20 жилийн хугацаанд 29 мянга гаруй хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч, нийт 3.1 тэрбум төгрөгийн маргааныг хянан шийдвэрлэжээ. Мөн Эрчим хүчний тухай хуулийн дагуу Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг шинэчлэн зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.
2001 оны 11 сарын 7-ны өдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж гадаад хамтын ажиллагааныхаа эхлэл суурийг тавьж байсан түүхтэй. Өнөөдөр бид Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Дэлхийн банк, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг, Швейцарын Хөгжлийн агентлаг, БНСУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хүлэмжийн хийн бага ялгарлын хөгжлийн байгууллага, Сөүлийн үндэсний их сургууль зэрэг байгууллагуудтай хууль эрх зүйн орчныг сайжруулах, зах зээлийн загвар, аргачлалуудыг боловсруулах, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Хороо нь хөгжлийн бодлогоо тодорхойлох, ажилтан, албан хаагчдынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилтынхоо хүрээнд Удирдлагын академитай хамтран зохицуулалтын гадаад, дотоод орчны шинжилгээнд үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичиг, төлөвлөгөөг боловсруулан мөрдөж байна. Хөгжлийн стратеги нь Хорооны үйл ажиллагааны алсын хараа, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлон, гадаад орчны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа нийцүүлэх боломж бүрдүүлж, удирдлага,зохион байгуулалтыг оновчтой болгож, ажилтнуудын мэдлэг чадварыг хөгжүүлж, гадаад, дотоод түншлэл, хамтын ажиллагаа өргөжүүлэх зэргээр байгууллагын хэвийн, амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хорооны мэргэжилтнүүдийг дотоод, гадаадад англи хэлний сургалтад хамруулах, улмаар өндөр хөгжилтэй улс орнуудын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх боломжийг судлан, ХБНГУ, БНСУ, Австрали, АНУ, БНХАУ-д нийт 11 ажилтан эрчим хүч, бизнесийн удирдлагын чиглэлээр тухайн улсын тэтгэлгээр сургаж байна. Төрийн байгууллагуудаас анх удаа нарны эх үүсвэрээр цахилгаан хэрэглээнийхээ 60 хувийг хангадаг эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын загварыг нэвтрүүлээд байна.
Эрхэм зочдоо, эрчим хүчний салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудаа. Эрчим хүчний зохицуулах хорооны хамт олон 20 жилийн ойн босгон дээр алдаа оноогоо цэгнэж,амжилт бүтээлээ дүгнэхийн зэрэгцээ цаашид хийж бүтээх ажлаа төлөвлөж байгаа.
Монгол Улсын эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэн, цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх, цаашид эрчим хүч экспортлогч орон болох томоохон зорилтын өмнө бид зогсож байна.
Энэ зорилтын хүрээнд Эрчим хүчний Зохицуулах Хорооны “2030 он хүртэлх хөгжлийн стратеги”-ийг дараах чиглэлээр боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын хүрээнд зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээл дээр суурилсан, үр ашигтай, хэмнэлттэй, ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг технологи бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;
- Бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан хэрэглэгчийн үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх замаар эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах;
- Урамшуулалт зохицуулалтын зарчимд үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд болон урт хугацаанд мөрдөх үнэ тарифыг аргачлалыг хэрэгжүүлэх;
- Цахилгаан түгээх сүлжээний хангах үйл ажиллагаанд “Ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг хангахад үнэ тарифын бодлогоор дэмжих;
- Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулалтын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох зорилгоор цахимжуулах;
- Эрчим хүчний салбарын компаниудын засаглалыг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стратеги, удирдлагын шинэ менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Эрчим хүчний салбарын компаниудын бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаарыг норм, нормативд үндэслэн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд тооцох;
- Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг бие даасан, хараат бус байдлаар ажиллуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
- Эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, ЭСКО зах зээлийг хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
- Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох тогтолцоог хэрэгжүүлэх;
- Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах механизмыг хэрэгжүүлэх замаар стандартын бодлогоор эрчим хүчний эцсийн хэрэглэгч дээрх үр ашгийг сайжруулах;
- Монгол Улсын эрчим хүчний салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын тулд шинээр эх үүсвэрүүдийг нэн яаралтай барьж, өсөн нэмэгдэж буй дотоодын хэрэглээг бүрэн ханган эрчим хүч экспортолдог болоход гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тэдгээрийн сонирхлыг татахуйц зохицуулалтын бодлого баримтлах;
Та бүхэндээ Эрчим хүчний Зохицуулах Хорооны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ