2022 оны 05-р сарын 26, Пүрэв гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2021 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Хэвлэх 2021 оны 12-р сарын 27, Нийт үзсэн : 229

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2021 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2021 онд хийсэн ажлаа дүгнэн шилдэг байгууллага, бүтээн байгуулалт, менежер, ерөнхий инженер, инженер, мастер, ажилтан, ажлаа тодруулж, өнөөдөр /2021.12.27/ шагналыг гардууллаа. Шилдгээр шалгарсан байгууллага, хамт олныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар хүлээн авч баяр хүргэсэн юм. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний салбарын шилдэг байгууллага, шилдэг ерөнхий инженер, инженер, мастер, ажилтан, бүтээн байгуулалтын ажлыг шалгаруулах түр журмын 4.4, 5.1 дэх хэсгүүд, Эрчим хүчний сайдын 253 дугаар тушаалаар байгуулсан “Салбарын шилдэг шалгаруулах комисс”-ын шийдвэрийг тус тус үндэслэн тодруулав. Хурлын шийдвэрийн дагуу үйлдвэр, компаниудын  гүйцэтгэх захирал нарт болон нээлттэй байдлаар шилдгийг шалгаруулах журмын хамт хүргүүлсэн юм.

Ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж дараах үзүүлэлтүүдээр 2021 оны салбарын шилдгээр тус тус шалгаруулсан юм. Үүнд:

1.1.“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн турбингенератор-5-ийн засварын ажлыг “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ”-аар,

1.2.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар,

1.3.“ГКАЛ” ХХК-ийг “ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА”-аар,

1.4. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу-г “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр,

1.5 “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-ийн ерөнхий инженер Б.Бадамцэцэг-ийг “ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр,

1.6 “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн химийн инженер Дорлиг овогтой Хишигшинэн, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженер Бадам овогтой Оюундэлгэр, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн турбин цехийн дарга Бадарч овогтой Хишигдаваа, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженер Шовгор овогтой Энхбаатар нарыг “ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр,

1.7.“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн тоноглолын мастер Балган овогтой Гантулга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн кабель, дэд станц, засвар, үйлчилгээний хэсгийн мастер Гантөмөр овогтой Тулга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дулааны станцын засварын мастер Сүхбаатар овогтой Галбадрах нарыг “ШИЛДЭГ МАСТЕР”-аар,

1.8 “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн зуухан цехийн тоноглолын засварчин Баянмонгол овогтой Ууганбаяр, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн засварын монтёр Ямпил овогтой Лхагвасүрэн, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дэд станцын ээлжийн монтёр Ням овогтой Батжаргал нарыг “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар

Ажил, бүтээлээрээ манлайлан хошуучилсан эрчим хүчний салбарын 2021 оны шилдгүүдэд цом, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт тус тус гардуулан өглөө.