2024 оны 11-р сарын 25, Даваа гариг

Э.ТҮВШИНЧУЛУУН: ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН 2019 ОНОООС ХОЙШ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН ИНДЕКСЖҮҮЛЭЛТ ХИЙГЭЭГҮЙ

Хэвлэх 2022 оны 03-р сарын 21, Нийт үзсэн : 598

Э.ТҮВШИНЧУЛУУН: ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН 2019  ОНОООС ХОЙШ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН ИНДЕКСЖҮҮЛЭЛТ ХИЙГЭЭГҮЙ

Манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барих, тэр дундаа усан цахилгаан станцуудыг барих шаардлагатайг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулсан “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд баригдаагүй нь суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс багасаж, өнгөрсөн онд эрчим хүчний системийн хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр ханган, үлдсэн хэрэглээг импортоор авчээ. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар нэмэгдэж, шинээр хэрэглэгч холбох нөхцөл боломж тэр хэрээр багасаж байна. Мөн дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаа. Иймд шинэ эх үүсвэрийг барьж хүчин чадлаа нэмэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэх шаардлага тулгараад байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2020 онд 1308 МВт хүрч байсан бол өнгөрсөн онд 1387 МВт хүрч өссөн нь өмнөх оны мөн үеийнхээс 6 дахин нэмэгджээ. Манай улс 2021 онд 9,7 тэрбум килоВатт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн түгээсэн нь 2020 оны гүйцэтгэлээс 11 хувиар нэмэгдсэн байна. Түгээсэн эрчим хүчний 80,9 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.1 хувийг импортоор хангажээ. Өнгөрсөн онд импортоор авсан эрчим хүчний 27 хувийг ОХУ-аас, 73 хувийг БНХАУ-аас авсан аж. Дотоодын эх үүсвэрийн 90.9 хувийг ДЦС-ууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэр, 0.03 хувийг дизелль эх үүсвэр үйлдвэрлэжээ.Мөн эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө доогуур тооцогдож байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эдгээр бүтээн байгуулалтыг урагшлуулахад саад болж буй үнэ тарифыг индексжүүлэх шаардлагатайг ч мөн тэмдэглэж байв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дээрх хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний салбарыг хувьчилж болохгүй, зуун хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн бол “ДЦС4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг эрчим хүчний тухай хууль, ЭХЗХ-ны статусыг өөрчилж, төрийн болон хувийн компаниас эрчим хүч худалдаж авдаг үнийг тэнцүүлэх хэрэгтэйг хэлж байв. Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18  хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш 3 жилийн хугацаанд үнэ тарифт огт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсэн. Үүний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан бөгөөд тус алдагдлыг эрчим хүчний салбар бүрэн хариуцан ажиллаж байна. 2019 оноос хойш  гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар, үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох эрсдэл байна. Мөн эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлодог уурхайнууд 1 тонн нүүрсний үнийг 20-30 хувиар нэмэгдүүлэх, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” нүүрсний тээврийн тарифыг 26.2 хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр компаниудаас үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тарифыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа ирүүлж байгаа аж.

Энэ талаар  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун “Эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрэхгүй байна. Тарифын ангиллаар авч үзвэл Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/кВт.ц буюу өртгөөс 5.0 хувиар, аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25.0 хувиар, орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50.0 хувиар, гэр хорооллын айл өрх 141.0 төг/кВт.ц буюу 59.0 хувиар тус тус доогуур тарифаар цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа.Цар тахлаас шалтгаалан сүүлийн гурван жил цахилгаан эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Үүнээс үүдэн бодит өртөг зардал, борлуулж байгаа үнэ тариф хоёрын дундах зааг ялгаа улам өссөн. Цаашид үнэ тарифын зохицуулалт хийх, бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан хэрэглэгчийн үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх замаар эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, урамшуулалт зохицуулалтын зарчимд үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд болон урт хугацаанд мөрдөх үнэ тарифыг аргачлалыг хэрэгжүүлэх, цахилгаан түгээх сүлжээний хангах үйл ажиллагаанд “Ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг хангахад үнэ тарифын бодлогоор дэмжих гэх мэт арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа сэтгүүлч нарт мэдээлэл өгсөн юм. Мөн хэрэглээнээс хамаарсан тариф, шатлал, ангилал нэмж үнэ тарифыг шинэчилнэ гэдгээ онцолж байлаа.

 Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний сэргэлтийн 5 зорилтын хүрээнд 13 үйл ажиллагаа, хөгжлийн 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөгжлийн төслүүдэд одоо ажиллаж буй ДЦС-уудын чадлыг өргөтгөх, шинэ эх үүсвэр барих, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж улсын нэгдсэн сүлжээ үүсгэх юм. Мөн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт техонлоги, инновацийг нэвтрүүлэх төслийг ч тусгажээ. Ингэснээр манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг 2 дахин, цахилгаан дамжуулах шугам сүлжээний чадлыг 2 дахин нэмнэ. Үүнд нийт 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.