2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд бүсчилсэн сургалт болно

Хэвлэх 2022 оны 03-р сарын 25, Нийт үзсэн : 966

Барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд бүсчилсэн сургалт болно

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр ГОУХАН-ийн Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн талаарх мэдээлэл солилцох уулзалт боллоо.

Уулзалтад ЭХЗХ-оос зохицуулагч Б.Баттулга, ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр,  Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, ГОУХАН-ийн төслийн захирал Дуня Хофман болон төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежерүүд оролцож, ГОУХАН-ийн зүгээс төслийн хэрэгжилт, үр дүнг танилцууллаа.

Энэхүү барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Швейцарын Хөгжлийн Агентлагын санхүүгийн дэмжлэгээр 2019-2021 оны хооронд хэрэгжүүлэхээр Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Монгол Улсын Эрчим хүчний яамтай  гэрээг байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж Хорооны зүгээс дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

Зохицуулагч Б.Баттулга хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарт 1998 оноос эхлэн техникийн туслалцаа, хамтын ажиллагааны үе шаттай төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх талаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажилласаар ирсэнд Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс талархалтай ханддаг. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах”, “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах”, “Барилгын салбарт ИТА нарыг сургаж, чадавхыг бэхжүүлэх”, “Барилгын засвар, шинэчлэлийн загвар төсөл хэрэгжүүлэх” зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад тодорхой дэмжлэг болсон гэдгийг онцолсон юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос Барилга, хот байгуулалтын яам  болон Монгол Улс дахь “Барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-тэй хамтран тус төслийн үр өгөөжийг түгээн дэлгэрүүлэх зорилготой орон нутагт чадавх бэхжүүлэх сургалтыгг бүсчилсэн байдлаар дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:

-     Баруун бүсийн сургалтыг дөрөвдүгээр сарын 14,15-нд Ховд аймагт. Хамрагдах аймгууд: (Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)

-     Хангайн бүсийн сургалтыг дөрөвдүгээр сарын 27, 28-нд Эрдэнэт хотод.     Хамрагдах аймгууд: (Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл)

-     Төв-Өмнөд бүсийн сургалтыг  тавдугаар сарын 12,13-нд Төв аймагт.     Хамрагдах аймгууд: (Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв)

-     Зүүн бүсийн сургалтыг 5 дугаар сарын 19,20-нд Хэнтий аймагт.     Хамрагдах аймгууд: (Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий)

-Улаанбаатар хотод  тавдугаар сарын 27-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.