2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар Ц.Норовжамцыг орон тооны бус зохицуулагчаар томиллоо

Хэвлэх 2022 оны 05-р сарын 05, Нийт үзсэн : 588

МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар Ц.Норовжамцыг орон тооны бус зохицуулагчаар томиллоо

        Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэг, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон Эрчим хүчний сайдын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар Цэрэндэжидийн Норовжамцыг 3 жилийн хугацаагаар томилсон.

        Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар томилогдсон Ц.Норовжамц нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагаар тус тус суралцаж төгссөн. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуульд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, аудитор. Малайз, АНУ, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.  Ц.Норовжамц нь 1997-2002 онд Хагнуур ХХК-д нягтлан бодогч, ерөнхий санхүүч, 2003-2016 онд  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д ахлах нягтлан бодогч, хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, дотоод аудитор, 2017-2021 онд Интер аудит ХХК-д гэрээт аудитор, 2019-2021 онд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ДЦС-2 ТӨХК-иудын ТУЗ-д хараат бус гишүүнээр тус тус ажиллаж байсан, эрчим хүчний салбарт 18 жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм.