Эрчим хүчний зохицуулах Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн нэгдсэн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. 2022 оны зөвлөгөөнийг 2022 оны 5 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд Эрчим хүчний салбар, Уул уурхай, Хүнд үйлдвэр, Хөнгөн үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Үйлчилгээ-хувийн хэвшил, Төрийн байгууллага гэсэн 7 хэсэгт хуваан цахимаар зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Зохицуулагч Б.Баттулга, Э.Самдан нар нээж, 2021 оны ажлын үр дүнгээс товч танилцуулав.
Зөвлөгөөний хэсэг тус бүрд үүрэг хүлээсэн хэрэглэгчийн үйл ажиллагааны чиглэлийн онцлогоос хамааран илтгэл-танилцуулгыг өөр өөр байдлаар зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЭХХГ-ын дарга Ц.Атаржаргал “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал. Эрчим хүчний зохицуулалт”, ЭХХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Цолмон “Эрчим хүч хэмнэлтийн хуулийн хэрэгжилт, ҮХХ-ийн эрчим хүч хэмнэлтийн ажлыг үнэлэх”, ЭХГГ-ын ҮХХ хариуцсан мэргэжилтэн Н.Бадамцэцэг, А.Ганзориг, Д.Машбат нар өөрийн хариуцсан салбар бүрд “ҮХХ-ээс тайлан, төлөвлөгөө ирүүлэхэд анхаарах асуудал”, ЭСКО байгууллагууд болох “Монхорус интернэшнл” ХХК, “Анд энержи” ХХК, “Монгол базальт” ХХК-ийн төлөөлөл “Эско байгууллагын танилцуулга, туршлага, хэрэгжүүлсэн төслийн үр дүн”, “Тесо” ХХК-ийн Эрчим хүч хэмнэлтийн менежер Б.Солонго “Ногоон зээлийн санхүүжилт авсан туршлага”, БЭХХТөвийн захирал, Барилгын эрчим хүчний аудитор Б.Мөнхбаяр “Олон нийтийн барилгын ЭХҮА, дотор агаарын чанар”, “ВЕЕС” ХХК-ийн захирал, Барилгын эрчим хүчний аудитор Ж.Ганхуяг “Барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулах нь, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.
Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн зөвлөгөөнд Эрчим хүчний салбарын 34 байгууллагын 98 төлөөлөл, эрчим хүч хэрэглэгч ангиллын 67 байгууллагын 137 төлөөлөл, барилга байгууламж ангиллын 65 байгууллагын 96 төлөөлөл, нийт 166 байгууллагын 331 төлөөлөл оролцлоо.
Танилцуулсан илтгэлээс:
“Монхорус интернэшнл” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн өрөө нунтаглах хэсгийн тээрмийн ОХУ-ын 4 МВт, 6 кВ, 75 rpm синхрон цахилгаан хөдөлгүүрийг AMZ1250 маркийн 3.6 МВт, 6 кВ, 75 rpm синхрон хөдөлгүүрээр солихоор хэрэгжүүлсэн төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний зарцуулалт 30-40% буурсан байна.
“Анд энержи” ХХК уул уурхайн салбарт ашигладаг том оврын цахилгаан машин механизм, конвейрын системийн талаар танилцууллаа
“Монгол базальт” ХХК Эрдэнэтийн ДЦС-ийн шугамын дулаалга, амины сууцны дулаан тусгаарлалтын төслийн үр дүнгийн талаар танилцуулж, хөөсөнцөр болон эрдэс хөвөн дулаалгын материалыг ялгаа, базальт дулаалгын давуу талын талаар мэдээлэл өглөө.
Олон нийтийн барилгын эрчим хүчний үр ашгийн талаарх зөвлөмж, олон нийтийн барилга буюу сургууль, цэцэрлэгийн дотор агаарын чанарын үзүүлэлтийг хэмжсэн судалгааны үр дүн, барилгыг дулаалах явцад гаргадаг алдаа, анхаарах зүйлийн талаар мөн танилцууллаа
Үүрэг хүлээсэн хэрэглэгчид 2021 онд Монгол улсын цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 36% буюу 3474 сая кВт.ц эрчим хүчийг хэрэглэсэн байна. Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр 1075 нэр төрлийн ажил гүйцэтгэж 75.1 сая кВт.ц эрчим хүч хэмнэх боломж бүрдүүлэн ажилласан байна. 2018 оноос хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэвэл ойролцоогоор 584 сая кВт.ц эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, 2021 оны эрчим хүчний үйлдвэрлэл, хүлэмжийн хийн ялгарал, ирэх онуудын хэрэглээний өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗАР