Улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан сүүлийн 2 жилийн хугацаанд эрчим хүчний салбар цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулахгүйгээр тогтвортой мөрдөж, салбар нөөц бололцоогоо ашиглан импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын зарим засвар, хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, ажлын эзлэхүүнийг багасгах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, цахилгаан станцын дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний техникийн алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Гэвч сэлбэг материал, түлш шатахууны үнийн өсөлт болон зардалд нөлөөлж буй бодит хүчин зүйлсийн улмаас 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд өнөөгийн байдлаар нүүрсний уурхайнууд, нүүрсний төмөр замын тээвэр, эрчим хүчний үйлдвэр, компаниуд 432.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн дутагдалтай ажиллаж байгаагаас түлш, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна.
Иймээс цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа ба тарифын өөрчлөлтөөр эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдалд айл өрхийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдүүлэх тооцоо судалгааг хийсэн. Үүний үр дүнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч, 286 мянган дулааны эрчим хүч хэрэглэгч айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрт өөрчлөлт орохгүй юм.
Харин үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд сарын эхний 5000 кВт.ц хүртэл хэрэглээний тарифыг 14 хувиар, 5000 кВт.ц-аас дээш хэрэглээний тарифыг 28 хувиар өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сард 5000 кВт.ц-аас дээш хэрэглээтэй аж ахуйн нэгжийн хувьд, тухайлбал, 6000 кВт.ц цахилгаан хэрэглэсэн байгууллагын эхний 5000 кВт.ц цахилгааныг 14 хувиар нэмэгдсэн тарифаар, үлдсэн 1000 кВт.ц цахилгааныг 28 хувиар нэмэгдсэн тарифаар буюу шаталсан байдлаар тооцно.
Нийт 50 мянган үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын 82 хувь буюу 41 мянган хэрэглэгч 5000 кВт.ц-аас бага цахилгааны хэрэглээтэй бөгөөд үүнд ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хүнсний жижиг үйлдвэрлэл, кофе шоп, үсчин гоо сайхан гэх мэт жижиг, дунд бизнес эрхлэгчид хамаарч байна.
Төсвийн байгууллагын цахилгааны төлбөрийг хэрэглээнээс үл хамааран 28 хувиар нэмэгдсэн тарифаар тооцохоор байна.
Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчийн тарифыг мөн хэрэглээнд үндэслэн шаталсан байдлаар өөрчлөлт оруулна. Үүнд сарын 200 мянган кВт.ц хүртэл хэрэглэсэн цахилгааныг 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар, 200 мянган кВт.ц-аас дээш хэрэглэсэн цахилгааныг 38 хувиар нэмэгдүүлсэн тарифаар дээр дурдсан шаталсан зарчмын дагуу тооцно. Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчдийн дийлэнх нь олборлосон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулдаг тул цахилгааны тариф нь энгийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифаас харьцангуй өндөр байдаг. Мөн энэ удаагийн тарифын өөрчлөлтөөр арилжааны банк, интернэт, үүрэн холбоо эрхлэгчид, согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон криптовалют олборлох үйл ажиллагаа эрхлэгчдэд уул уурхайн ангиллын хэрэглэгчтэй ижил тарифыг мөрдүүлэхээр тооцож байна.
Нийт үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгчийн дулааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Эрчим хүчний зохицуулах хороо