“USAID” төслийн Монгол Улсын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд “Abt Associates”, АНУ-ын “Эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциаци” /NARUC/ -тай хамтран АНУ-ын Эрчим хүчний зохицуулах хороодын зохицуулалтын бодлого, туршлага судлах, цаашдын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр уулзалт хийх, туршлага судлах, мэргэжлийн сургалт хөтөлбөрт хамрагдах ажил амжилттай болж өндөрлөлөө.
АНУ-ын Төрийн Департаментийн Эрчим хүчний нөөцийн товчоо, АНУ-ын “Эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциаци-тай хийх уулзалтуудад ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун, Зохицуулагч П.Товуудорж, ХАХ-ийн дарга Б.Чимэдрэгзэн, Abt Associates-ийн Эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа нар оролцлоо. Тус сургалт, хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Массачусэтэс, Вермонт, Вашингтон ДС мужийн эрчим хүчний зохицуулах хороо, Массачусэтэс мужийн Эрчим Хүчний Нөөцийн Газар, АНУ-ын Төрийн Департаментийн Эрчим хүчний нөөцийн товчоо, дээрх гурван мужийн дамжуулах, түгээх компаниудын төлөөлөл зэрэг 20 орчим байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд зохицуулах байгууллагуудын ирээдүйн чиг хандлага, бөөний өрсөлдөөнт зах зээл, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт зохицуулалтын тогтолцоо, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн хөтөлбөрүүд, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр болон дуудлага худалдааны зохицуулалт, шинэ технологийн баттерэй хуримтлуур, өрсөлдөөнт зах зээлийн онцлог болон давуу талууд, ажиллах зарчим, тэдгээрт нөлөөлөх зохицуулах байгууллагын оролцоо зэрэг олон сэдвээр нарийвчилсан, холбогдох сургалтуудад амжилттай хамрагдлаа.
Хөтөлбөрийн төгсгөлд АНУ-ын Эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциаци /NARUC/-тай “Зохицуулалтын Түншлэл” –ийн хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж ЭХЗХ-ны ажилтан албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр цаашид олон төрлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.