2024 оны 11-р сарын 21, Пүрэв гариг

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хэвлэх 2024 оны 04-р сарын 10, Нийт үзсэн : 452

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

           Өнөөдөр Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх зорилготой уулзалт хэлэлцүүлэг боллоо.

             Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төв, эрчим хүчний салбарын холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн, аудитор, менежерүүдийн холбоо, олон улсын байгууллагуудын төлөөлөл, үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн төлөөлөл нийт 28 байгууллагын 70 гаруй хүн оролцлоо.

              Мөн Эрчим хүч хэмнэлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад Германы олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэгийн Хуулийн төслийн зүгээс техник, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна.

           Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсөж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2022 онд 1469 МВт хүрч байсан бол 2023 оны 12 дугаар сард 1636 МВт хүрсэн. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид хэрэглээ суурилагдсан хүчин чадлаасаа 40 гаруй хувиар хэтэрсэн нөхцөл байдалд байна.

           Энэхүү хэрэглээний өсөлт цаашид ч тогтмол нэмэгдэх ба уг өсөлтийг одоо ажиллаж байгаа эх үүсвэрүүдээр хангах боломжгүйн дээр дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж байгаа, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоноглол хуучирсан, насжилт өндөр байгаа зэргээс хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл, үүсэх эрсдэл улам бүр нэмэгдэж байна.

      Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эрчим хүчний хэмнэлтийн талаарх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүх салбарыг хамарсан шаардлагатай арга хэмжээнүүдийг цогц байдлаар хэрэгжүүлэх, бусад оролцогч талууд, төрийн байгууллагууд, салбарын үйлдвэр, компани, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо, уялдаа холбоог сайжруулах зэргээс гадна дэлхий нийтийн чиг хандлага, сайн туршлагыг нэвтрүүлж, илүү ахисан түвшинд гаргахын тул Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.