2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЧИГЛЭЛИЙН СТАНДАРТУУДЫГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БОЛГОН БАТЛУУЛЛАА

Хэвлэх 2019 оны 11-р сарын 11, Нийт үзсэн : 2067

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЧИГЛЭЛИЙН СТАНДАРТУУДЫГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БОЛГОН БАТЛУУЛЛАА

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн нэр бүхий стандартуудыг орчуулан улмаар үндэсний стандарт болгон батлуулахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран ажиллаж байна.  

Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50000 болон эрчим хүчний аудитын стандартын цувралууд, Олон улсын цахилгаан техникийн хороо (IEC)-ны эргэлдэгч цахилгаан машин, хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр, хүчний трансформаторын алдагдал, үр ашгийг тодорхойлох нэр бүхий нийт 11 стандартыг орчуулан, холбогдох яамд, агентлаг болон мэргэжлийн байгууллагуудын дунд  хэлэлцүүлгүүд зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүд, Зөвлөх инженерүүдийн санал, шүүмжийг тусган боловсруулсан. Эдгээр стандартуудаас Eвропын холбооны (EN)-ийн эрчим хүчний аудитын стандартын цувралууд, IEC-ийн эргэлдэгч цахилгаан машины алдагдал, үр ашгийг тодорхойлох, хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн үр ашгийн ангилал, хүчний трансформаторын эрчим хүчний үр ашгийг тодорхойлох доорх нэр бүхий нийт 6 стандартуудыг СХЗГ-ын Эрчим хүчний техникийн хороогоор хэлэлцүүлэн 2019 оны 10 дугаар сарын 28 өдрийн Стандарт, хэмжилзүйн газрын даргын тушаалаар үндэсний стандарт болгон батлууллаа.

  1. MNS EN 16247-3:2019 Эрчим хүчний аудит. 3-р хэсэг: Үйлдвэрлэл
  2. MNS EN 16247-4:2019 Эрчим хүчний аудит. 4-р хэсэг: Тээвэр
  3. MNS IEC 60034-2-1:2019 Эргэлдэгч цахилгаан машин. (Туршилтын үр дүнгээс алдагдал болон үр ашгийг тодорхойлох стандарт аргууд)
  4. MNS IEC 60034-30-1:2019 Эргэлдэгч цахилгаан машин. Сүлжээнээс ажилладаг хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн а.ү.к –ийн ангилал (IE код)
  5. MNS IEC 60076-20: 2019 Хүчний трансформатор. 20-р хэсэг. Эрчим хүчний үр ашиг
  6. MNS IEC 60076-8: 2019 Хүчний трансформатор 8-р хэсэг. Хэрэглээний заавар

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эдгээр стандартуудыг үндэсний стандарт болгон нэвтрүүлснээр эрчим хүчний хэрэглээний бүх түвшинд үр ашиг, хэмнэлтийг бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашиг, бүтээмж дээшлэх, үргүй зардал буурах, өсөн нэмэгдэж буй дотоодын эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг хангах, улмаар улс орны эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар дээшлэх, тогтвортой хөгжлийг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр болох юм.