Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хорооны 34-р хурлаар:
- “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн худалдах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн худалдах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн худалдах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн худалдах цахилгааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн худалдах цахилгааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн худалдах дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн БОШХ-г хянаж үйлчилгээний төлбөр болон худалдаж авах дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн БОШХ-г хянаж үйлчилгээний төлбөр болон худалдаж авах дулааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай
- Гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх эсэх тухай
- Төв аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг түр томилох эсэх тухай
- “Опен хаус өнө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх
- “Камдер” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай / 1 жилээр хугацааг сунгасан/
- “Улаанбаатар сүлжээ” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай
- Эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох эсэх тухай нийт 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын шийдвэрийн дагуу 2021 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын 9 дүүрэг, нийт 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай 150 гаруй мянган өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь хөнгөлөх юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 27 өдрийн 487 дугаар тогтоолоор гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон ба үүнээс илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад хэрэглэгчид тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байхаас гадна цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.