2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

АУДИТОРУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэх 2022 оны 09-р сарын 28, Нийт үзсэн : 442

АУДИТОРУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB), Стандарт хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)–ийн төлөөлөл Монгол улсад ажиллах үеэрээ “Эрчим хүчний аудиторуудыг дадлагажуулах сургалт”-ыг 2022 оны 9-р сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр зохион байгууллаа. Сургалтыг олон улсын экспертүүд Ричард Прием, Соледад Пенаранда нар удирдан явуулсан бөгөөд эрчим хүчний аудит хийхэд анхаарах зүйлс, ашиглаж болох олон улсын загвар баримт бичгүүд, барилгын эрчим хүчний хэмнэлтэд нэвтрүүлж болох сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт шийдэл, их өгөгдөл, мэдээлэл (big data)-г боловсруулахад ашиглах программын талаар мэдлэгийг аудиторуудад олгосон юм.

Төслийн багийг Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч П.Товуудорж хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд 2020-2021 онд Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл нийт 10 хүнийг онлайн сургалтад хамруулсан ба төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн тул эрчим хүчний менежментийн тогтолцоонд аудит хийх Аудитор болон ISO 50001 стандартын Эрчим хүчний менежерийн эрхийн гэрчилгээг Австрийн “TUV AUSTRIA” групп компаниас олгосон юм.