2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

ЭХЗХ-ны 2023 оны тайлангийн хурал боллоо

Хэвлэх 2024 оны 05-р сарын 02, Нийт үзсэн : 1013

ЭХЗХ-ны 2023 оны тайлангийн хурал боллоо

         Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2023 оны үйл ажиллагааны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэдээ тайлагналаа. Тус тайлангийн хуралд эрчим хүчний 177 тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 240 ажилтан албан хаагчид оролцсон байна.

     2023 онд Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.5 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 тэрбум кВт.ц-аар буюу 4.3 хувиар өслөө. Нийт цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна. Тайлант онд 2.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 0.3 тэрбум кВт.ц буюу 13.2 хувиар өсжээ.

         2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11.3 хувиар нэмэгдэж 1636 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласан.

          Эрчим хүчний зохицуулах хорооноос Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг шинэчилсэн. Төвийн бүсийн оргил ачааллыг бууруулахаар Эрчим хүчний сайдын тушаалаар “Хэрэгцээг удирдах” арга хэмжээг хэрэгжүүлэх цогц төлөвлөгөөг батлуулж холбогдох ажлын хэсгүүдийг зохион байгуулж ажилласан. Энэ арга хэмжээний хүрээнд олон нийтэд чиглэсэн “Тог-оо тохируулъя 17:00-22:00” нөлөөллийн аяныг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүллээ. Мөн эрчим хүчний хэрэглэгчийн санал, гомдлын бүртгэл, хяналтын нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх ажлуудыг хийсэн.