2024 оны 12-р сарын 21, Бямба гариг

Эрчим хүчний салбарын гавьяат цолтон дахин нэгээр нэмэгдлээ

Хэвлэх 2024 оны 07-р сарын 08, Нийт үзсэн : 386

Эрчим хүчний салбарын гавьяат цолтон дахин нэгээр нэмэгдлээ
         Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн босгон дээр эрчим хүчний салбарын ахмад ажилтан, Монгол улсын зөвлөх инженер Ёндонгийн Дондог "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цолоор шагнууллаа. Салбарын шинэхэн гавьяат, ахмад ажилтан Ё.Дондогийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон газрын дарга, мэргэжилтнүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
 
         Монгол Улсын зөвлөх инженер, ахмад ажилтан Ёндонгийн Дондог нь 1966 онд Монгол улсын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргээд, 1999 онд шинжлэх ухаан техникийн магистрын зэрэг хамгаалж, 2001 онд Монгол улсын Зөвлөх инженер болсон юм. Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1966 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газрын Реле хамгаалалт автоматикийн инженерээр эхэлж, 1989-1993 онд ерөнхий инженерээр, 1993-1997 онд даргаар, 1997-2001 онд инженерийн албаны даргаар, 2001-2007 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт инженерийн хэсгийн ахлах инженерээр тус тус ажилласан. Эрчим хүчний салбарт 40 гаруй жил хүчин зүтгэж буй Ё.Дондог нь өнөөг хүртэл салбарын шилдэг залуу боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн ур чадвараа харамгүй зориулж яваа туршлагатай шилдэг инженерүүдийн нэг юм.
 
        Монгол улсын зөвлөх инженер Ёндонгийн Дондог танд ЭХЗХ-ны хамт олон болон үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.